Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.10.12) боллоо.
Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд нийслэл, дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон дүүргийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явц, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг сонслоо.
Дүүргийн хэмжээнд 2000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Баянгол дүүрэгт 2021-2022 онд сайжруулсан түлш жижиглэн борлуулах 32 цэг ажиллуулахаар төлөвлөж “Таван толгой түлш” ХХК-тай гэрээ байгуулсан. Тэгвэл энэ сарын 07-ны байдлаар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 20 цэг ажиллаж байгаа юм. БГД-ийн хувь бусад дүүрэгтэй харьцуулбал гэр хороолол харьцангуй бага буюу найман хороотой. Энэ ч утгаараа сайжруулсан шахмал түлшний хомстол үүсэх нь харьцангуй бага байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд, 2000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа юм.
Түүнчлэн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-ийн дүүрэг хариуцсан зохион байгуулагч нар хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд гэрээгээр ажиллаж буй гэр хорооллын 8 хорооны 280 орон тооны бус гэрээт ажилчдад сургалт зохион байгуулжээ. Мөн дүүргийн холбогдох хэлтсүүд хамтран зуух пийшин, угаар мэдрэгчийн үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл хангасан байна. Дүүргийн Засаг дарга энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлоод хорооны Засаг дарга нарт шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах, түүнийгээ холбогдох хэлтэст танилцуулахыг үүрэг болголоо.
9 байранд дээвэр засварын ажил хийж гүйцэтгэсэн бол гурван байранд фасад дулаалгын ажил хийж байнаДараа нь 2021 онд дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй дээвэр засвар, фасад-дулаалга, цахилгаан шат шинэчлэн засварлах зэрэг ажлын гүйцэтгэлийн мэдээллийг сонссон. Баянгол дүүрэгт энэ онд нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажлыг 11 хорооны 28 байранд хийхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 9 байрны дээвэр засварын ажлыг хийж дууссан бол 19 байрны дээврийг засахад шаардлагатай материалын татан авалтыг хийж байгаа аж. Мөн нийтийн зориулалттай орон сууцны гадна фасадны ажлыг 16 хорооны 30 байранд хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар гурван байранд дулаалгын ажил эхэлсэн. 11 байранд дулаалгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Харин 14 байранд дулаалга хийхэд шаардлагатай материал таталтын ажил цар тахлын улмаас хүлээгдэж байгаа бол 3 байрны фасад засварын ажлыг гүйцэтгэх компани шалгараагүй гэдгийг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Б.Өлзийсайхан онцоллоо. Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, засварлах ажлыг 6 хорооны 7 байранд хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1 байранд шинэ лифт хийсэн бол 2 байранд лифт засварын ажил хийх гэрээг байгуулжээ. Мөн шинээр тавигдах цахилгаан шат хил дээр хүлээгдэж байгаа бол дөрвөн байранд лифт засварын ажлыг гүйцэтгэх компани шалгараагүй байгаа аж.
- Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтын тооллого хийнэ:
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга дүүрэг дэх гэрэлтүүлгийн асалтын тооллогыг хорооноос зохион байгуулж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэст яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Дүүргийн хэмжээнд 5353 гэрэлтүүлэг 86 гэрэлтүүлэг удирдлагын самбарын арчилгаа засвар үйлчилгээг “Хайрхан наран трейд” ХХК хариуцан ажилладаг юм. Холбогдох хэлстийн өгсөн мэдээллээр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 86 гэрэлтүүлэг удирдлагын самбарт иж бүрэн үзлэг шалгалт, засварыг хийж гүйцэтгэсэн. Нийтийн эзэмшил, орон сууц, гэр хороолол, гэрлэн чимэглэлийн асалт 95 хувь байгаа ба хоёр бригад гарган засвар үйлчилгээг хийснээр асалтын хувийг 99 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм.
- Халтиргаа гулгаа арилгах 112 тонн давсны нөөц бүрдүүлсэн:
БГД-ийн нутаг дэвсгэрийн төв хэсгийн байршлын зам талбайд цас орсон үед авто замд үүсэх халтиргаа гулгаанаас сэргийлж өнөөдрийн байдлаар 112 тонн давсны нөөц бүрдүүлээд байгаа аж. Түүнчлэн халтиргаа, гулгаа үүссэн үед “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ нь хог тээврийн 44 тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын 1 тээврийн хэрэгсэл давс, бодис цацахаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангасан бөгөөд давс бодис хадгалах нэг агуулахыг нэмж байгуулжээ. Ташрамд мэдээлэхэд дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд 100 тн бодис, 400 тн давсыг нөөцлөхөөр ажиллаж байгаа юм.
